Clean code гэж юу вэ?

March 1, 2024

📖 Нягт нямбай код алдаа багатай програмыг бүтээдэг

"Clean code" гэдэг нь сайн програм хэрхэн хийдэг вэ гэдэг асуултын хариулт юм.

Уншихад амархан, ойлгоход хүндрэлгүй, арчлахад хялбар кодыг "clean код" гэж хэлж болно. Зүйрлэж хэлвэл бид амьдрал дээр сайн номны тухай, эсвэл чанартай машины тухай, чанартай бараа бүтээгдэхүүний тухай олон жишээ мэднэ. Яг л тэдгээр чанартай эд зүйлс, оюуны санааны бүтээлүүд нь сайн түүхий эд, сайн зохиолч, үйлдвэрлэгч нарын туршлага, мэдлэг дээр үндэслэн бүтээгддэг бол сайн програм чанартай бичигдсэн сайн кодноос бүтдэг.

Мэдээж бүхэл бүтэн цогц системийг дан ганц кодоор хэмжих боломжгүй нь ойлгомжтой бөгөөд системийн архитектор, өгөгдлийн сан, дэд бүтэц, менежмент гэх мэт маш олон хүчин зүйл нөлөөлдөг. Гэсэн хэдий ч, програмын код нь чухал хэсгийн нэгт зайлшгүй орно.

"Clean code" буюу "Нямбай бичигдсэн код" дараах ашиг тустай;

  • Програмын алдааг бууруулна
  • Програмын хурд, ажиллагаанд сайнаар нөлөөлнө
  • Програмын чанартай шууд холбоотой
  • Удаан хугацаандаа төслийн зардлыг бууруулна

📓 Анх энэ ойлголтыг Robert C. Martin гэх програмын инженер гаргаж тавьсан ба түүний "Cleancode" гэдэг ном нь програм хангамжийн салбарт маш алдартай бүтээл болсон юм. Миний хувьд энэхүү номын үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, цаашлаад Монголын хэрэглэгч нарт чанартай програм хангамж бүтээхэд туслах, шинээр энэ салбарт хөл тавьж байгаа залуу болон мэргэжил нэгт програмист нартаа практикт хэрэгжсэн сайн туршлагуудыг хуваалцах, заавар зөвлөгөө, контент бэлдэхээр ажиллаж байгаа билээ.

Түвшинжаргал